• Холбоо барих +976-7000-7624
  • Email info@mk.edu.mn

Мэндчилгээ

МЭНДЧИЛГЭЭ

“Монгол Коосэн” Технологийн коллежийн эрдэмтэн багш, ажилтан, сурган хүмүүжүүлэгч хамт олноо төлөөлөн мэндчилье.

Бид Япон улсын инженерийн “Коосэн” тогтолцоог Монгол Улсад нутагшуулах ажлыг эхлүүлээд 10 гаруй жил болсон байна.

“Коосэн” сургууль нь инженерийн боловсрол олгодог дээд боловсролын байгууллага бөгөөд бусад их, дээд сургуулиас ялгаатай нэг онцлог бий. Энэ нь дунд сургууль төгсөгч буюу 15 настай хүүхдийг элсүүлдэг. Хөгжимчин, балетчин болохын тулд бага ангиасаа эхлэн суралцдаг. Үүнтэй адил инженер болохын тулд хүүхэд наснаасаа эхлэн суралцах ёстой. Хүүхэд насны гэгээн мөрөөдлөөрөө жигүүрлэн, төсөөлөн  бодох чадвараа хөгжүүлэх, бага насны мэдрэмжээ мартахгүй байх нь зохион бүтээгч, инженер хүний зайлшгүй чанар гэж хэлж болно. Коосэнд 15 настай хүүхэд элсэж ороод, 5 жилийн хугацаанд инженерийн мэргэжлээр суралцаж, 20 настай инженер болон бэлтгэгдэж гарна. Коосэн нь өөр улс, оронд байдаггүй гагцхүү Японд л байдаг боловсролын өвөрмөц тогтолцоо юм. 1960-аад онд Япон улс коосэн тогтолцоог боловсролынхоо салбарт нэвтрүүлснээр улс, орныхоо эдийн засаг, аж үйлдвэрийн эрчимтэй хөгжлийг хангах инженерийн боловсон хүчнээ бэлтгэж чадсан билээ.  

Японы “Коосэн” тогтолцоог нэвтрүүлэх болсон бяцхан түүхийг энд өгүүлье.

1972 онд Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ үеэс эхлэн хоёр улсын улс төр, соёлын харилцаа, хамтын ажиллагааны үндэс тавигдсан байдаг.

Монгол залуус 1980-аад оны эхэн үеэс Японы их, дээд сургуульд суралцаж эхэлжээ. Японы “Коосэн” буюу Технологийн коллежид анхны монгол оюутан 1991 онд элсэн суралцсанаас хойш өдий хүртэл 450 гаруй залуус төгссөн байна.

Японы Коосэн төгссөн эдгээр залуус Монголдоо коосэн байгуулах хөдөлгөөн өрнүүлж, 2008 онд “Коосэн клуб” байгуулсан юм. Энэхүү санаачилга, хөдөлгөөн өргөжиж “Япон загварын коосэнг Монголд байгуулахыг дэмжих нийгэмлэг” ТББ болон “Сасакава энхтайвны сан”-гийн дэмжлэгээр 2013 онд Техник Технологийн Дээд сургуульд “Коосэн” хөтөлбөрийн загвар анги нээсэн юм. Улмаар 2014 онд “Монгол Коосэн” Технологийн коллеж байгуулагдаж, анхны оюутнаа элсүүлсэн билээ. Мөн 2014 онд “Шинэ Монгол Коосэн”, “ШУТИС-Коосэн” байгуулагдаж анхны элсэгчээ авсан билээ. Одоо Монголын 3 коосэнд нийт 800 орчим оюутан суралцаж, 100 гаруй япон, монгол профессор, багш нар ажиллаж байна.

Манай оюутнууд их, дээд сургуулийн оюутны дунд болдог “Робокон”, “Ган гүүр”, “Автомат робот”-ын тэмцээн, Японы их, дээд сургууль болон коосэн дунд зохион байгуулагддаг “Дизакон”, “Айдиатон”, “Коосэн форум”, “Глобал Пи Би Эл” зэрэг уралдаан тэмцээн, хамтарсан судалгаа, семинарт идэвхтэй оролцож байна. Мэргэжлийн хичээл, сургалтаас гадна япон хэл, соёлыг шимтэн судалж, “Япон хэлээр хэн сайн дуулах вэ?”, “Япон хэлээр уран илтгэх”, “Япон хэлний ханз үсгийн наадам” зэрэг уралдаан тэмцээнд оролцдог оюутны тоо жил ирэх тутам нэмэгдэж байна.

Мөн манай оюутнууд Японы техник, технологи, шинжлэх ухаан, түүх соёлтой танилцах “Сакура сайенс”, “Женесис” хөтөлбөрт хамрагдаж Японд айлчилдаг билээ.

2017 оноос эхлэн манай оюутнууд Монгол, Японы үйлдвэр, аж ахуйн нэгжид үйлдвэрлэлийн дадлага хийж эхэлсэн төдийгүй сургуулиа төгсөөд Японы компанид инженерээр ажиллахаар уригдсан оюутан ч байна. 2019 оны хавар Монголын коосэн төгсөгч анхны инженерүүд маань төрөн гарна.

Манай коосэнгийн төгсөгчид Монголын аж үйлдвэрийн салбарт манлайлан ажиллаж, эх орныхоо бүтээн байгуулалтад хөгжил дэвшлийг авчрах болно.

Захирал М.Сэргэлэн